Монгол Улсын гадаад валютын албан нөөц түгшүүр төрүүлэх хэмжээнд хүрсэн үү
Санхүүгийн үйлчилгээний “Morgan Stanley” корпорацын шинжээч Десмонд Ли, Гаурав Сингхал нар Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 1.7 тэрбум ам.долларт хүрсэн хэмээжээ.
Харин Монголбанкны тайланд дурдсанаар хоёрдугаар сарын сүүлчээр 2.195 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байсан гэнэ.
Тус банк дөрөвдүгээр сарын үзүүлэлтээ одоогоор албан ёсоор нэгтгэж мэдээлээгүй байгаа юм. Гадаад валютын нөөц дахиад хэдэн сарын турш үргэлжлэн буурвал Монгол Улсын нийт албан нөөц ердөө хоёр сарын импортыг хангахуйц хэмжээнд хүрэхийг тус корпорацын шинжээчид тодотгосон байна.
Дашрамд сануулахад, 2009 онд Монгол Улс ийм байдалд хүрч, Олон улсын валютын сангаас туслалцаа авч байлаа. “Оюутолгой” төслийн асуудлаарх маргаан цэгцрээгүй, гадаад валютын нөөц маш бага байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар дахин зээлжихэд хүндрэлтэйг “Morgan Stanley” тайландаа тэмдэглэснийг “Bloomberg” дамжууллаа.
Б.Анар
Өнөөдөр сонин