8 хувийн орон сууцны зээлийн хүү нэмэгдэх үү
Нийслэлийн оршин суугчдын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Үүнийг бууруулахаар хийж буй томоохон ажлын нэг нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр. Нийгмийн дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх тус хөтөлбөр хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд орон сууцны ипотекийн зээлтэй 56 мянган өрх байгаагаас 21 мянга нь сүүлийн нэг жилд найман хувийн хүүтэй зээлээр байр авчээ. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд хамрагдсан нийт иргэдийн бараг л гуравны нэг нь найман хувийн зээлээр бий болжээ.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэд орон сууцны зээлийг найман хувийн хүүтэй авах болсон. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрчимжиж, барилгын салбарт өндөр өсөлт гарсан. Гэхдээ Монголбанкнаас баталсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд зээлийн хүү нь инфляцитай уялдаж 7-9 хувьд хэлбэлзэнэ гэсэн утгатай заалт бий. Өөрөөр хэлбэл инфляци 10 хувиас их байвал шинээр авах орон сууцны зээлийн хүү есөн хувь болж нэмэгдэх магадлал туйлаас өндөр байна. Энэ нь орон сууцны зээлийн түвшинг инфляци нэг талаар тодорхойлно гэсэн үг.
Инфляци энэ оны тавдугаар сарын байдлаар 13.9 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос зарласан. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш инфляци ийнхүү 10 хувиас хэтэрсэн үзүүлэлттэй “явж” байгаа. Энэ нь орон сууцны зээлийн хүүнд нөлөөлж магадгүй нь. Хэрэв зээлийн хүүг нэмлээ гэхэд шинээр орон сууц худалдан авах гэж буй иргэдэд тун халгаатай. Зээлийн хүү 8+1 болж нэмэгдэх юм биш биз. Ийм “жиргээ” нисч явна.
Б.Алтай
Mongolian Economy