News

Check out market updates

Хувийн хөрөнгө оруулалтын сан – санхүүжилт босгох шинэ боломж

money-plant

Манай улсын санхүүгийн зах зээлийг банк, үнэт цаас, даатгалын гэсэн үндсэн гурван салбар бүрдүүлж байсан бол өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар дөрөв дэх салбар бий болох алхам тавигдаж байна. Тус хуулинд хамтарсан болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл аиллагааны талаар тусгасан юм. Гэвч хуулийн ихэнхи зохицуулалт нь хамтарсан хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд чиглэсэн байдаг. Тэгвэл манай улсын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө эхэн үедээ явж байгаа учир хамтарсан сангаас илүүтэйгээр  хувийн сан бий болох нь үр дүнтэй харагдаж байна. Харин бизнес эрхлэгчдийн дунд хувийн хөрөнгө оруулалтын сангийн талаарх ойлголт муу байгаа тул үүнтэй холбоотой товч мэдээллийг хүргэж байна. Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг өөр дээрээ татан төвлөрүүлж үнэт цаас болон бусад төрлийн хөрөнгө худалдан авах замаар оновчтой багц  бүрдүүлж, олсон ашгаас хөрөнгө оруулагчидад хүртээх үүрэгтэй санхүүгийн зуучлагч байгууллага юм.

Тус сан нь ямар ч ажилтангүй , мөн оффисгүй мөнгөн хөрөнгийн хуримтлал байх ба сангийн үйл ажиллагааг менежментийн компани удирдан явуулдаг. Ийм компани уг төслийн бүх төрлийн судалгаа шинжилгээ болон хөрөнгө оруулсан компаниудад хяналт, мониторинг хийх, удирдлагаар хангах, зөвөлгөө өгөх, тайлан гаргах, бизнесээс гарах үйл ажиллагааг зохион байгуулах, ногдол ашиг хуваирлах үйл ажиллагааг үзүүлдэг. Энэ ажлынхаа хөлсөнд Хөрөнгө оруулалтын сангаас сангийн дүнгийн 1-2 хувийн менежментийн төлбөр  авдаг ба уг төлбөр нь ихэвчлэн том сангийн хувьд 1-1,5 хвуь байдаг бол жижиг сангуудад 2 хувь байдаг. Төлбөрийг хоорондын тохиролцоогоор сар, улирал, жилээр хийж болно. Хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалт хийж буй хэлбэрээс нь хамааруулан хэд хэдэн төрөлд хуваадаг. Тухайлбал сангийн хөрөнгийг дан ганц бонд худалдан авахад зориулж байгаа бол бондын сан, эсвэл хөрөнгө оруулалтын багцаа хэд хэдэн хөрөнгө оруулалтын төрлөөс (хувьцаа, бонд г.м.) бүрдүүлж байгаа бол тэнцвэржүүлсэн сан, дан ганц хаалттай /бирж дээр хувьцаагаа арилжаагүй/ компаний хувьцаанд хөрөнгө оруулалт хийж байгаа бол хувьцааны,хувийн хөрөнгө оруулалтын сан гэх мэтээр  нэрлэдэг. Хувьцааны хөрөнгө оруулалт авч буй компани йн үйл ажиллагааны мөчлөгөөс хамааран ялгаатай өгөөж, эрсдлийг хүлээж байдаг ба тухайн компанийн өсөлт хөгжлийн эхэн үед оруулж буй хөрөнгө оруулалтыг венчур хөрөнгө оруулалт /venture capital, өргөтгөлийн үед оруулж  байгааг нь хувийн хөрөнгө оруулалт  /private equity / гэнэ. Хувьцааны буюу хувийн хөрөнгө оруулалтын сан нь хэзээ ч хөрөнгө оруулсан компанийхаа байнгын хувь эзэмшигч  байж чадахгүй учир хөрөнгө оруулалтын хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн бизнесийнхээ үнэ цэнийг аль болох өндөр өргөхийг хичээж байдаг. Учир нь хувийн хөрөнгө оруулалтын сангууд ихэвчлэн бизнесээс гарах үедээ зорилтод үр дүнгээ хүртдэг. Үүнийг энгийнээр тайлбарлавал аливаа компаний хөрөнгө мөнгө хэрэгтэй үед нь санхүүжилт өгч туслаад хөл дээрээ зогсож, өргөжсөн үед нь эзэмшиж буй хувьцаагаа өндөр үнэээр зарж борлуулан бизнесээс гардаг гэсэн үг юм. Энэ нь хөрөнгө оруулагч талд тэдний хөрөнгийг өсгөж өндөр ашиг хүртэх, хөрөнгө оруулалт  авч буй компанид хөл дээрээ тогтох, үйл ажиллагааг өргөтгөх , менежментийн үйл ажиллагаагаа сайжруулж, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Зах зээлийн эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ өндөр хөгжсөн орнуудад хувийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ нь бизнес эрхлэгчдийн дунд хөрөнгө босгох түгээмэл аргад тооцогдож байна. 2003 онд олон улс дахь хувийн хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгө 860 тэрбум ам.доллар байсан бол 2013 онд энэ нь 3,5 триллион ам.доллар болж сүүлийн 10 жилийн дотор дөрөв дахин нэмэгдсэн байна. Хувийн хөрөнгө оруулалтын салбар өндөр хөгжиж буй Америк, Англи зэрэг улсад тус салбар нь ДНБ-ний 1-2 хувийг бүрдүүлж байна.

Дэлхийн хамгийн том хувийн  хөрөнгө оруулалтын сангууд Америк, Хятад, Англи зэрэг орнуудад байрлаж, сангийн нийт хэмжээ 2,6-3,2 тэрбум доллар /байгуулагдахдаа/ байна. Эдгээр үзүүлэлтээс хувийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ нь олон улсын санхүүгийн зах зээлд томоохон байр суурь эзлэх болсоныг харж болно. Манай улсын хувьд одоогоор албан ёсны бүртгэлтэй хамтарсан болон хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулагдаагүй байгаа ч гадаадад бүртгэлтэй 30 орчим сан үйл ажиллагаа явуулж байгаагийн ихэнх нь хамтарсан хөрөнгө оруулалтын сан байна. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үе шатандаа яваа манай орны хувьд бизнесийн байгуулагуудад санхүүжилт босгох эрэлт хэрэгцээ өндөр байгаа ч шинээр байгуулагдаж буй АНН, бизнесийн хувьд санхүүжилт олно гэдэг туйлын хүнд байна. Үүнд барьцаа хөрөнгийн асуудал, банкны зээлийн хүү өндөр, нээлттэй компани болох шалгуурт тэнцэхгүй ,тэнцлээ ч биржийн хувьцааны арилжаа сайн хөгжөөгүй зэрэг хүндрэлүүд байдаг. Тиймээс шинэ болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд хувийн хөрөнгө оруулалтын сан нь санхүүжилт босгох шинэ боломжийг бий болгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *