News

Check out market updates

Дэвид Брэрэтон: Австралийн засгийн газар саяхан Монголын уул уурхайн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан

David

Тогтвортой ашигт малтмалын төвийн судалгаа хариуцсан дэд захирал Дэвид Брэрэтоныг урьж ярилцсан юм.

Тэрбээр Мэлбурний их сургууль дүүргээд Стэнфордод улс төрийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан профессор. Нийгмийн ухааныг байгууллагын журам, уйл ажиллагаанд хэрхэн ашиглаж болох талаар судалдаг, энэ чиглэлд 25 жилийн ажлын туршлагатай. Засгийн газар, их сургуулиудын олон тооны судалгаа, шинжилгээ удирдаж байсан түүхтэй.

-Оройн мэнд хүргэе. Манай нэвтрүүлэгт тавтай морилно уу. Та ямар зорилготой Монголд ирсэн бэ?

-Би Куинсландын их сургуулийн судлаач. Манай сургууль тогтвортой уул уурхайн хөгжилд гол анхаарлаа хандуулж ажилладаг. Бид Оюутолгой төсөлтэй хамтран бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийг судлах судалгааны төсөл хэрэгжүүлж байна. Би энэ төслийг хариуцан ажилладаг. Монголд гурав дахь удаагаа ирлээ. Гэвч надад анх удаа Өмнөговьд очих боломж олдсон нь энэ юм.

-Ойлголоо. Тэгэхээр бид уул уурхайн томоохон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярих болж байна. Энэ хамтын ажиллагааны гэрээ Өмнөговь аймгийн хэмжээнд яригдаж байна уу, эсвэл Цогтцэций сумын хэмжээнд яригдаж байна уу.

-Өмнөговь аймгийн хэмжээнд төсөл хэрэгжих болно. Миний үзэж байгаагаар Өмнөговь аймгийн бусад сум ч гэсэн төсөлд хамрагдах ёстой.

-Ер нь бол гурван сумын хэмжээнд яригдах юм байна?

-Тийм ээ. Хамтын ажиллагааны гэрээ хэрэгжиж эхэлсэн. Бид нарийн цогц хүрээтэй ажлыг хэрэгжүүлэх зорилготой. Мэдээж тодорхой үндсэн зарчмуудтай байхаас гадна хэд хэдэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Жишээлбэл, эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах хөтөлбөр гэх мэт.

-Энэ гэрээг хэрэгжүүлэх нь ямар үр ашигтай вэ?

-Их өндөр үр ашигтай. Миний бодлоор гэрээ хэрэгжсэнээр гэрээ байгуулагч талууд өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг олж авах болно. Энэ гэрээний дагуу хэлэлцүүлэг, уулзалтыг хийснээр тулгамдаж буй асууддыг шийдэж болно.

Мөн тэдэнд ямар ямар боломж байгааг гаргаж ирнэ. Урт хугацааны туршид цаашдын эдийн засгийн хөгжлийн эерэг үндэс суурь болж өгөх юм. Жижиг сумдад амьдардаг иргэдийн амьдралын нөхцөлийг дээшлүүлж, дэд бүтцийг сайжруулахад туслах болно.

-Эдгээр боломжийг яаж гаргаж ирвэл хамгийн ашигтай вэ гэдгийг судалж байна уу?

-Яг одоогоор бид энэ гэрээг хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ, гэрээг яаж үр дүнтэй болгох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. “Рио Тинто” болон Оюутолгойн хувьд Австралийн гэрээний загвар нэлээд амжилттай хэрэгжсэн. Гэвч мэдээж өөр нөхцөл байдалд энэ гэрээг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ, яаж зохион байгуулах вэ гэдэг нь гол асуулт болж байна.

Мэдээж бидний соёл өөр учраас зохион байгуулалтын хувьд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Мөн гэрээ яг хэрэгжиж эхлээгүй байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Одоогоор яриа хэлэлцээний шатандаа явж байна. Бид гэрээ хэрэгжиж эхэлснээр урт хугацаанд ямар үр нөлөө, ашиг гарч болохыг судалж байна.

-Австралийн уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэй харилцах хамтын ажиллагааны арвин туршлагатай. Эдгээр компаниуд нь иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад нөлөөлдөг. Та Австралид ямар ажил эрхэлж байсан бэ?

-Австралид бид уугуул иргэдтэй хууль ёсоор гэрээ байгуулж ажилладаг. Энэ бол Австралийн сайн туршлагын нэг. Уул уурхайн компаниуд нь уугуул иргэдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тухайн бүс нутгийг хөгжүүлж, хүрээлэн буй орчныг өөрчилж чаддаг.

Мөн уугуул иргэдэд ажил эрхлэх боломж олгохоос гадна соёлын үнэт өвийг хамгаалах гэх мэт ажлыг хийж гүйцэтгэдэг. Уугуул биш иргэдтэй албан ёсоор гэрээ байгуулаад байдаггүй ч тэдэнтэй хамтран ажиллаж тухайн бүс нутгийг хөгжүүлсээр ирсэн. 

Нийгэмд тустай үйлс хийсэн Австралийн компаниудын жишээ олон бий. Гэвч муу жишээ ч байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Зарим компаниуд зөвхөн уул уурхайн бизнест анхаарлаа хандуулаад өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй. Мөн уугуул иргэдэд ажил олгох тал дээр анхаардаг ч байгууллага байна. Ер нь янз бүр л байдаг.

-Хүмүүс тогтвортой уул уурхайг юу гэж ойлгодог вэ. Ер нь юу гэж ойлгох ёстойг бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?

-Миний бодлоор хүмүүс тогтвортой уул уурхай гэхээр нэг тийм өрөөсгөл ойлголттой байдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл уул уурхай гэдэг бол байгалиас баялгийг нь гаргаж авна гэсэн үг. Яаж тогтвортой үйл ажиллагаа байх юм гэдэг. Үүнд өгөх миний хариулт бол тогтвортой уул уурхай гэдэг нь хүмүүс болон хүрээлэн буй орчны өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан ямар нэг хохирол учруулалгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Үүнээс гадна тогтвортой уул уурхай гэдэг нь нэг төрлийн баялаг юм. Газар доорх энэ баялагийг ашиглан бид өөр баялгийг бүтээх боломжтой. Дэд бүтцийг хөгжүүлснээр эдийн засгийн боломж чадавхиа нэмэгдүүлэх боломжтой болно. Газрын баялгаа өөр үнэт зүйл болгож хувиргаж чадаж байна гэдэг нь тогтвортой уул уурхайг бий болгож байна гэсэн үг.

-Манайд зарим уурхайн нөөц хорин жилийн дараа дуусна гэдэг тооцоо бий. Газар доорх нөөц баялаг дууссан үед бид юу хийх ёстой вэ?

-Энэ бол яах аргагүй уул уурхайн салбарт тулгардаг асуудал. Уул уурхайн нөөц дуусах үед цаашдаа яах вэ гэдэг асуудал гарна. Мэдээж тухайн бүс нутагт ажиллаж амьдардаг хүмүүсийн ажил эрхлэлтийн тоо буурах болно. Мөн бизнесийн боломжууд багасах болно. Гэвч тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулж чадах юм бол уул уурхай хаалгаа барих үед бид цаашдаа яах вэ гэдэг асуултад хариу олж чадна.

Яагаад гэвэл бид хэзээ энэ баялаг дуусахыг мэднэ. Энэ тийм ч гайхмаар зүйл биш байх болно. Үүнийг бид цаашдын төлөвлөгөөндөө тусгах болно. Үүнд бид бэлтгэлтэй байж чадна. Жишээлбэл, ажиллах хүч нь чадварлаг боловсон хүчин болсон учраас өөр газар ажил олох боломжтой гэсэн үг.

Мөн тухайн бүс нутагт уул уурхайгаас хамааралгүй өөр үйлдвэрлэлийн салбарыг нэвтрүүлж болох юм.

-Өмнөговь аймгийн гурван суманд уул уурхайн төсөл хэрэгжиж байна. Одоо энэ салбар бага зэрэг асуудалтай байна. Шинэ үйлдвэрлэлийн салбарыг тэнд хөгжүүлэх болов уу, эсвэл тэдэнд өөр төлөвлөгөө байгаа юу. Та нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж харж байна вэ. Уул уурхайн салбарын тусламжтайгаар юу хийж болох вэ?

-Би Өмнөговийн малчидтай хамтарч ажилладаг туршлагатай мэргэжилтэн биш. Миний бодлоор эхлээд хийх ёстой зүйл гэвэл малчидтай уулзаж, тэдний хүсэл тэмүүллийг ойлгох хэрэгтэй. Тэдэнд юу чухал болохыг мэдэх нь чухал. Малчдын юу хүсээд байгааг нь хийж өгөх хэрэгтэй. Магадгүй тэдний бүтээлч байдлыг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлж болох юм. 

Магадгүй зарим малчид хүүхдүүддээ боловсрол олгохыг хүсч байж болно. Энэ бүхнийг нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид уул уурхайн салбараас олон зүйл ашиглах боломжтой. Бид тэдэнд юу хэрэгтэй байгааг ойлгож энэ бүхнийг хийхийн тулд юу шаардлагатайг мэдсэнээр компанийн зүгээс юу хийхэд тохиромжтойг судалснаар тухайн асуудлын шийдлийг олж чадна.

-Надад Куинсландын их сургуулийн талаар танилцуулахгүй юу. Юу нь онцлог вэ. Энэ сургууль уул уурхайн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлдэг сургуулиудын нэг…

-Куинсландын их сургууль нь их том сургууль. Манай сургуульд 35 мянга гаруй оюутан суралцдаг. Манай сургууль Австралийн шилдэг их сургуулиудын эхний гуравт жагсдаг. Бидний гаргасан судалгаагаар манай сургууль дэлхийн шилдэг 50 сургуулийн тоонд багтаж байна. Энэ нь манай сургууль хэр их нэр хүндтэй болохыг харуулж байгаа юм. Манай сургууль олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Бид уул уурхай болон тогтвортой уул уурхайн тал дээр маш сайн хөтөлбөр явуулдаг. Үүнд нийгмийн хариуцлага, нийгмийн асуудлууд болон байгаль орчин, аюулгүй байдал, уул уурхайн төлөвлөгөө боловсруулалтыг хэрхэн хийх зэрэг олон хөтөлбөр багтдаг. Манайд нэлээд олон монгол оюутан суралцдаг. Монголтой оюутан солилцоо их хийдэг. Их олон хүн манай сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг.

-Монголд ийм боловсролын байгууллага байдаг уу?

-Бид цаашдаа ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг хичээх болно. Бид мөн иймэрхүү боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллахыг зорьж байна. Энэ их чухал. Ингэснээр манай хоёр улсын харилцаа цаашдаа улам бэхжих болно.

-Монголын залуус энэ хөтөлбөрийг ихээр сонирхох байх.

-Тийм ээ.

-Ингэснээр бид чадварлаг боловсон хүчнүүдийг Монголдоо бэлтгэж чадна. Учир нь сонирхсон монгол хүн бүр тийшээ явж чадахгүй.

-Тийм ээ. Бид Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг Олон улсын уул уурхайн хөгжлийн төвтэй хамтарч ажилладаг. Энэ нь уул уурхайнуудыг чадамжаа нэмэгдүүлж дотооддоо хөтөлбөр хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажилладаг. Монголд яг ийм хамтрагч байхгүй учраас бид үүнийг хийхээр зорьж байна.

-Энэ нь Австралийн Засгийн газар Монгол шиг уул уурхайтай оронтой хамтарч ажиллах сонирхолтой байдаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Австралийн Засгийн газар саяхан Монголын уул уурхайн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Энэ их чухал хөтөлбөр. Австралийн Засгийн газраас Монгол Улсыг их чухал улс гэж үзэж өөрийн мэргэжилтнүүдээрээ туслахад бэлэн байна.

-Манай хоёр орны харилцаа сайн байна. Саяхан манай Гадаад харилцааны сайд танай улсад айлчилж, уул уурхайн салбарын боломжуудын талаар ярилцсан.

-Миний санаж байгаагаар Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг Австралид айлчлах үеэр энэ хөтөлбөрийг танилцуулсан.

-Монгол бол уул уурхайн салбарт туршлага багатай орон. Бидэнд Австралиас суралцах зүйл их бий. Та бүхэн энэ хугацаанд сайн, муу зүйлтэй бишгүй л таарч байсан арвин туршлагатай байх. Энэ талаар ярихад надад их сонин санагдаж байна. Яагаад танай улсын уул уурхайн салбарын хөгжил ийм өндөр түвшинд хүрсэн бэ?

-Австрали нэлээд удаан хугацаанд энэ салбарт амжилттай ажилласан. Манай үйлдвэрлэл сайн байсан. Миний бодлоор бид үйлдвэрлэлээрээ дэлхий дахинд бусад орнуудтай өрсөлдөж чадахгүй байсан. Энэ нь эдийн засгийг сулрууж байсан. Австралийн дотоодын зах зээл тийм ч том биш. Бид дотооддоо АНУ шиг том хүчирхэг зах зээл, үйлдвэрлэлтэй болж чадахгүй.

-Танай зах зээл тийм ч том биш гэлээ. Танайх хэдэн сая хүн амтай вэ?

-Австрали хорин сая хүн амтай. Энэ бол их тоо биш.

-Монголоос бараг долоо дахин олон хүн амтай юм байна.

-Тийм. Монголын уул уурхайн салбар амаргүй байх. Зөвхөн дотоодын зах зээлдээ нийлүүлнэ гэдэг хангалтгүй. Олон улсад гарах хэрэгтэй. Олон улсын зах зээл маш их өрсөлдөөнтэй. Австрали, Хятад, Солонгостой энэ салбарт өрсөлдөж чадахгүй.

-Танайх коксжсон нүүрсний үйлдвэргүй. Мөн төмрийн үйлдвэргүй.

-Манайд цөөн хэдэн нүүрсний үйлдвэр бий. Гэвч үнэнийг хэлэхэд энэ бол жижиг үйлдвэр. Бидэнд харин хөнгөн цагааны үйлдвэр бий. Хэр удаан хугацаанд энэ үйлдвэрүүд ажиллахыг би мэдэхгүй. Яагаад гэвэл эрчим хүч их зарцуулдаг. Бидэнд нүүрс, хөнгөн цагаан л бий. Бид ногоон гарцыг хайж байна. Үнэндээ бодит байдал дээр өрсөлдөөн улам эрчимжиж байна.

-Танай эрчим хүчний эх үүсвэр юу вэ. Нүүрсээр зуун хувь хангадаг уу?

Манай эрчим хүчний эх үүсвэр нүүрс, байгалийн хий. Австралийн өмнө зүгт Тасманийн арал гэж байдаг. Энд нүүрсний нөөц бий.

-Танайх цөмийн эх үүсвэртэй юу?

-Байхгүй. Бидэнд ураны хоёр уурхай бий.

-Энэ үйлдвэр нь уран бүрэн боловсруулдаг уу?

-Анхан шатны боловсруулалт хийдэг.

-Үүнийгээ өөр газруудад зардаг уу?

-Тийм. Бид хаягдлыг цуглуулж авдаггүй. Зарим хүн энэ асуудлаар өөр үзэл бодолтой байдаг. Бид ураныг байгаагаагаар нь нийлүүлдэг. Австралид энэ нь тийм ч нийтлэг зүйл биш.

-Танайх хорин сая хүн амтай, жижиг зах зээлтэй гэж та хэлсэн. Танай уул уурхайн салбар амжилттай үйл ажиллагаа явуулдаг. Танайх боловсруулсан нүүрснийхээ бараг 85 хувийг нь гадагшаа нийлүүлдэг. Энэ нь танай дотоодын зах зээл жижиг гэсэн үг.

-Үнэн. Энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Дэлхийн олон орон манайхыг илүү их нийлүүлэлт хийх хэрэгтэй гэж хэлдэг. Саяхан Азид нэг журам гарсан. Энэ нь шинэ уул уурхайнууд нийлүүлэлт хийх ёстой гэсэн зарчим. Гадны хөрөнгө оруулалт 50 хувьтай байх. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид эдгээр компаниудад хөрөнгө оруулалт хийхэд саад болж байна. Мөн сүүлийн үеийн техник төхөөрөмж тэдэнд байхгүй. Энэ нь үнэхээр их сонирхол татаж байна.

-Ялангуяа Монгол шиг улс их хөрөнгө оруулалт хийсэн ч бүтээгдэхүүнээ гаргаж авч чадахгүй байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд яах вэ?

-Монгол цаашдаа энэ салбарт үйл ажиллагаа явуулахад давуу тал нь юу вэ, зардлаа нөхөх үү, өрсөлдөгч орнуудтай харьцуулбал техникийн боломж нь хэр вэ гэдгийг харах хэрэгтэй. Мэдээж их мөнгө зарцуулна. Мөн дотоодын зах зээл нь тийм ч том биш.

-Иймд бид өнөөдөр хамтын ажиллагааны хэлэлцээрт тун нухацтай хандаж байна. Засгийн газраас энэ төсөлд их хөрөнгө зарцуулсан.

-Би үүнийг ойлгож байна. Монголд баялаг их бий. Эдгээрийг өнөөдөр гадагш нь тээвэрлэж байна. Нөхцөл байдал ийм л байна.

-Хайгуул олборлолт гээд уул уурхайн салбарын талаар ярилцья. Энэ салбарт маш их технологийн өөрчлөлт хийгдэж байна. Зөвхөн Оюутолгойд чулуу тээвэрлэгч төхөөрөмж бий. Энэ бол дэлхий дээр маш цөөхөн байдаг техник. Одооноос хорин жилийн дараа уул уурхайн салбарын техник технологи хэрхэн өөрчлөгдсөн байх бол?

-Хорин жил гэдэг бага хугацаа биш. Хорин жилийн өмнө ямар байсныг саная. Технологи маш хурдацтай хөгжиж байна. Гар утас гэх мэт олон зүйлийг ингэж хөгжинө гэж тухайн үедээ төсөөлж ч байгаагүй. Цаашдаа техник технологи улам хурдацтай хөгжих болно. Техник аль хэдийнэ өөрчлөгдөж эхэлсэн. Ялангуяа автомат төхөөрөмжүүд өргөн хэрэглэгдэж байна.

Австралийн “Рио Тинто”-д л гэхэд операторын шаардлагагүй автоматаар ажилладаг экскаватор гэх мэт техник ашиглаж байна. Энэ машин нь автомат программын дагуу шороог ачиж буулгадаг тул дотор нь хүн сууж ажиллуулах шаардлагагүй. Ийм технологийг бид аль хэдийнэ ашиглаад эхэлсэн. Мэдээж ийм технологиуд үнэтэй. Австралид удахгүй энэ технологийг өргөнөөр ашиглах байх. Энэ бол бидний одоогоор мэдэж байгаа зүйл.

Цаашдаа дэвшилтэт техникийн хэрэглээ улам нэмэгдэнэ. Зарим компаниуд алсын удирдлагын систем ашиглаж байна. Энэ нь заавал тухайн улсад байрлаж тухайн уурхайн үйл ажиллагааг явуулах шаардлагагүй гэсэн үг юм. Газрын тос, уул уурхайн салбарын техник хэрэгсэл улам бүр хөгжиж байна. Хорин жилийн дараа гэхэд нөхцөл байдал одоогийнхоос хамаагүй өөр болсон байх болно.

-Одоо ийм болтлоо хөгжсөн Оюутолгой өөр зүйл нэвтрүүлэх болов уу?

Би Оюутолгойн цаашдын үйл ажиллагааны талаар сайн мэдэхгүй байна. Одоогоор тэд чулууг тээвэрлэх систем ашиглаж байна. Магадгүй удахгүй оператор шаардлагагүй техникүүдийг нэвтрүүлэх байх. Хэн мэдэх билээ. Миний бодлоор орчин үеийн уул уурхайд цөөн тооны хүмүүс ажиллаж, илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх байх. Оффист өндөр техник ашиглаж, уурхайд олон хүн ажиллах шаардлагагүй болж бүгдийг автоматаар удирддаг болох биз.

-Гэвч мэдлэгтэй ажилчид зайлшгүй хэрэгтэй.

-Тийм л дээ. Өөр салбаруудад ийм зүйл аль хэдийнэ ажиглагдаж эхэлсэн. Уул уурхайн технологиуд ч ингэж өөрчлөгдөнө. Миний бодлоор Куинсландын хувьд л гэхэд техник технологи, үйлдвэрлэлийг дэмжих болно.

-Та Латин Америк, Шинэ Гвиней болон Монгол зэрэг хэд хэдэн хөгжиж буй оронд ажиллаж байсан. Та Монголд гурав дахь удаагаа айлчилж байна гэсэн. Танд ямар өөрчлөлт харагдав. Бид цаашдаа яах ёстой вэ?

-Миний итгэлтэй хэлэх зүйл гэвэл та нарт олон давуу тал байна. Монголын нийгэм нь нягт. Энэ бол маш чухал зүйл. Африкт ажиллаж байхад ч ийм зүйл анзаарагдаж байсан. Латин Америк бол дотооддоо зөрчилтэй газар. Ялангуяа уул уурхайн тал дээр. Энэ бол их давуу тал. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөхөд давуу болон сул тал бий.

Юуг илүү сайн хийж чадах вэ гэвэл миний бодлоор одоогийн Засгийн газар болон өмнөх Засгийн газар хөрөнгө оруулалтын тогтворгүй орчныг бий болгосон. Энэ нь олон улсын хөрөнгө оруулалтыг хязгаарласан. Том компаниуд уул уурхайд технологийн тусламжтай хөрөнгө оруулалт хийж байна. Хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.Өнгөрсөн хэдэн жилд хөрөнгө оруулалт сайн байсангүй.

-Ер нь харахад австрали, монгол хүмүүсийн харилцаа сайн. Зан араншин нь ч төстэй. Та Стэнфордод суралцаж байсан. Та Америк, Австрали, Монголын талаар сайн мэдэх байх?

-Надад Монгол их таалагддаг. Австралид нэлээд олон монгол оюутан суралцдаг. Залуус нь зоригтой, ухаалаг, харилцахад амар байдаг. Бид өөр өөр хэл соёлтой ч, том газар нутагт цөөхүүлээ амьдардаг гэдгээрээ төстэй. Манай хоёр орны эдийн засгийн хөгжил ч сайн байна. Манай хоёр орны харилцаа сайн байна.

-Австраличууд Монголд олноороо ирж байна. Австраличууд Монголыг ихээр сонирхож байна бол монголчууд мөн Австрали руу явж хоорондоо туршлага солилцож байна. Энэ нь хоёр орны болон иргэдийн цаашдын хамтын ажиллагааны үндэс суурь болно гэдэгт итгэж байна. Та маш их сонирхолтой ажил хийж байгаа юм байна.

-Баярлалаа. Магадгүй биднээс олон зүйл сурч болох байх. Надад энд байх сайхан байна. Би маш их зүйл эндээс сурч байна. Оюутолгойн хувьд бүх зүйл сайн байна. Надад энэ дэлхийд тэргүүлэх төслөөс сурах зүйл их байна.

Өдрийн шуудан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *