News

Check out market updates

Эрдэс баялгийн удирдлагатай байх нь буруудах зам биш

171fd1fe0600cba7e9016380850d9579_x3

Манай сэтгүүл монголын эдийн засгийн чуулганд оролцсон Дэлхийн эдийн засгийн форумын Стратеги хариуцсан ахлах дарга Кристел Вандер Елсттэй уулзаж, хөгжлийн хувилбаруудын талаар илүү дэлгэрэнгүй ярилцах боломж олдсон юм. Кристел нь Фулбрайтын тэтгэлгээр Иелийн их сургуулийг Менежментийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Тэрбээр Уул уурхай болон металс, 2025 он хүртэлх хөгжлийн хувилбарууд, Юань, ам.доллар, еврогийн тодорхойгүй байдал, Олон улсын валютын системийн ирээдүй, Иргэний нийгмийн ирээдүйн байр суурь, ОХУ-ын хөгжлийн хувилбарууд зэргийг боловсруулахад гар бие оролцож байжээ.

-Та манай улсад дөрөв дэх удаагаа ирж байна. Энэ хугацаанд Монголын боломж нөөцийг хэрхэн харж байна вэ?

-Уул уурхайн баялаг мөн түүнийг бусад салбарт баялаг бүтээхэд ашиглан эдийн засгаа төрөлжүүлэх талаас нь харвал эдийн засгийн хувьд аугаа боломж, чадавхи байна. Гэхдээ энэ их боломжоо ухаарч, урагш хөдлөх хүч болгохын тулд тун ч ихийг хийх хэрэгтэй байна даа.
Монголын хувьд ажиглагдаж буй давуу тал нь ардчилалын үнэт зүйлсээ ихэд дээдэлж, хадгалж авч үлдэхийн тулд хүсэл, зүтгэлээ харамгүй гаргадаг улс юм. Ардчилсан зарчмаар асуудлыг гаргаж ирж, хэлэлцэж, мэтгэлцэх нь их чухал. Энэ талаар бусад шинээр гарч ирж буй эдийн засгуудаас ялимгүй өөр юм.

-Та манай бусад хөгжиж буй эдийн засагтай улсаас ялгарах онцлогийн талаар ямар бодолтой байна? Азийн хөгжиж буй улсуудтай харьцуулахад ямар байна вэ.

Байгалийн асар их нөөц бололцоо бүхий эрдэс баялаг байна. Энэ нь Индонезитэй нэлээд төстэй. Гэвч танай улсад хөгжлийн сайн суурь бий. Тухайлбал, ардчилал, цөөн хүн ам. Бусад улстай харьцуулахад хүн амын нягтаршил бага. Энэ нь Монгол баялгийн хишгээ иргэддээ хүртээхийн тулд эдийн засгаа тийм ч их тэлэх шаардлагагүй гэсэн үг.
Хоёр хөрш болох Орос, Хятадаас шууд хамааралтай. Танай улстай харьцуулж болох ихэнх ижил төстэй эдийн засагтай улс далайд гарцтай. Монгол бүх талаар хоёр хөршдөө хашуулдаг. Үүнийг сайн анхаарч үзэх нь чухал.
Гэвч өнөөдөр өөрсдийгөө далайд гарцгүй улс гэж харах эсвэл голлох өсөлтүүдийн төв цэг гэж үзэх эсэх нь та бүхний хандлагын асуудал. Та бүхэнд онцгой байршил бий. Үүнийг ойлгож, хөшүүрэг болгож ашиглах талаас харах нь зүйтэй.

-Дэлхийн эдийн засгийн чуулганы Монголд зориулж гаргасан хөгжлийн хувилбаруудаас Монгол Улс хөгжлийн хувьд дөрвөн замын уулзвар дээр байна гэж ойлгогдлоо. Та санал нэгдэх үү?

-Тиймээ. Та бүхэн яг тэр замын голд зогсож байна.

-Хөгжлийн хувилбаруудын чиглүүлж буй ирээдүй бидний хувьд ямар байхаар байна вэ?
-Монгол яг одоо сайн анхаарч авч үзэж, хариу үйлдэл үзүүлэх ёстой гурван хөгжлийн хувилбар байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн баялаг, дагалдах боломжуудаа хэрхэн удирдах, уул уурхайг эдийн засгийн төрөлжилтийн суурь болгох. Мөн худалдаа болон хөрөнгө оруулалтын ямар харилцааг бид ирээдүйд хүсч байна вэ гэдгээ тодорхойлж, замаа сонгох чухал мөчид Монгол ирээд байна.

Энэхүү хөгжлийн хувилбаруудад бид зөвхөн одоогийн нөхцөл байдал гэхээс илүүтэй ирээдүйд бий болж болох орчин нөхцөлийг харуулахыг зорьж, одоогийн та бүхний тавьж буй асуултад хариулахыг хичээсэн. Бүхий л шийдвэр хэрэгжилт, үр дагаврын хувьд цаг хугацаа шаарддаг. Тиймээс ирээдүйгээ сайн бодож, шийдэх хэрэгтэй.
Уул уурхайн салбарын хөгжлийн хувьд Монгол Улс эдийн засгийн тогтвортой орчинтой байх нь л нэн чухал. Өнгөрсөн жилүүдэд, хүчээ авч байсан таваарын үнэ өдөр ирэх тусам салхи шиг чигээ өөрчилж байна. Мөн макро эдийн засгийн орчинд өнгөрсөн зургаан сарын хугацаанд  өөрчлөлт ажиглагдаж байна. Энэ нь Монголд эрдэс  баялгаа гадагш зарахад илүү хүндрэлтэй болохын дохио.

-Монголын одоогийн нөхцөл байдлыг харвал аль хөгжлийн хувилбартай нь илүү дөхөм байгаа вэ?

-Уул уурхайн баялаг дээр суурилж хөгжих нь ойр санагдаж байна. Энэ бол танай улсын эдийн засгийн тулгын чулуу. Гэвч үүнийг төрөлжихөд ашиглах нь хамгийн чухал. Монголд хөдөө аж ахуйн өндөр боломж байна. Мөн биотехнологи тэргүүтэй инноваци бүтээмж рүү түлхүү анхаар. Мөн банкны салбар дахь боломжуудыг ч сайн харах хэрэгтэй. Эрдэс баялаг ба төрөлжилт гэсэн хоёр хөдөлгүүртэй эдийн засаг нь хөгжлийн сайн хувилбар байна гэж бодож байна.

-Дэлхийн эдийн засгийн чуулган дахь манай улсын оролцоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэгвэл Монголын байр суурийг та хэрхэн харж байна вэ?

ДЭЗЧ болон Монгол улс хамтарч ажиллаж буй нь сайн хэрэг. Дэлхийн эдийн засгийн чуулган бол асуудлыг шийдэлтэй нь уулзуулах тухай л байдаг. Монгол  олон улсын асуудлуудад шийдэл олоход нэлээд чармайлт гаргадаг улс. Чуулганы усны нөөц, авилгалын эсрэг хэсгүүдэд оролцоо өндөртэй байдаг. Харин одоо хөгжлийн загваруудаа биднээс гардаж аваад байна. Энэ бол Монгол Дэлхийтэй хэчнээн ойр холбоо, харилцаатайг харуулж байна. Газар зүйн хувьд алслагдмал байж болох ч хол, ойрын асуудал нь нэг талаар хандлагын л асуудал.

Дэлхийн эдийн засгийн чуулганд ойрын жилүүдэд хамгийн их ярьж буй ямар сэдвүүд байна вэ?

Цар хүрээ өргөнтэй чуулган учир олон асуудлыг хэлэлцдэг. Гэвч зарим асуудлыг дурьдвал, худалдааны тогтолцоо, зохицуулалт байна. Мөн бид шинжлэх ухаан, технологийн шийдлүүд рүү түлхүү анхаарч авч үзэж байгаа. Учир нь, шинжлэх ухаан ирэх 10 жилд бидний нийгмийг ихээхэн өөрчлөхөөр байгаа. Инноваци руу олон эдийн засаг шилжилт хийж байна. Дэлхийн эдийн засгийн форум ч гэсэн. Эдийн засаг сэргэж буй эсэх асуудал тодорхойгүй хэвээр байна. Энэ бидний голлох сэдэв байсаар байгаа. Мөн сүүлийн үед геополитикийн асуудлууд нэлээд хүч түрэн орж ирж байна.  Үүнтэй холбогдуулан геополитикийн хурцадмал байдлууд нь Дэлхийн эрсдэлийн тайланд давамгайлах байр суурь эзлэх хандлага ажиглагдаж буй. Тиймээс бид энэ чиглэлд илүүтэй анхаарч байгаа.

Дэлхий даяар ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг нэлээд ярьж байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы хувьд энэ хэр түгээмэл сэдэв бэ?

Бид ногоон хөгжил гэж нэрлэдэг. Мөн эрдэс баялгийн удирдлага ч гэж нэрлэж болно. Эрчим хүч, усны зохистой цаашлаад хэмнэлттэй хэрэглээг төлөвшүүлсэн сайн тогтолцоо, дэд бүтцийг эхнээс нь хэрэгжүүлж авч явбал энэ нь ногоон хөгжил. Та бүхэнд боломж нь байна.
Урт хугацааны амьдралын мөчлөгтэй байя гэвэл одооноос эхлэх нь зүйтэй. Бидний очиж үзсэн олон улс одоо нэгэнт яваад ирчихсэн хөгжлийн замаа өөрчлөх гэж ихээхэн зардалтай тулгарч байна. Тиймээс ирээдүйнхээ төлөө одооноос эхлэх хэрэгтэй.
Бидний хөгжлийн хувилбарууд дээр бий л дээ. Хэрэв дэлхийн улсууд “ногоон” чиг хандлага баримтлахгүй “хүрэн” хэвээр үлдсэн ч Монголын хувьд “ногоорох нь” эерэг нөлөөтэй байх болно. Ингэснээр эрчим хүчний импортын хувьд бага хамааралтай болно.  Нефть импортлохын оронд нар салхины эрчим хүчээр хэрэгцээгээ хангана гэдэг эрчим хүчний салбарын аюулгүй байдал хангагдана гэсэн үг. Улмаар Монголын хараат бус байх үнэт зүйл ч хадгалагдана.  Цаашид ногоон технологиудыг дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт ашиглах замаар хөгжих боломжууд ч дагаж гарч ирэх юм. Тиймээс аль ч хувилбараар дэлхий ертөнц зүгээ тодорхойлсон, эрдэс баялгийн удирдлагатай байна гэдэг буруудах зам бус хамгийн зөв нь байх болно.

-Монголын ирээдүйн хөгжлийн замд хамгийн том сорилт нь юу байх бол?

-Байгалийн баялгаа хэрхэн олборлож авах вэ гэдэг л хамгийн том сорилт байх болов уу.  Энэ бол Монголын эдийн засгийн суурь нь. Гэвч үүний тулд эдийн засгийн тогтвортой орчныг бий болгож, хөрөнгө оруулалт орж ирэх, ашигт малтмал борлуулах замыг чөлөөлөх хэрэгтэй.
Эхлээд эдийн засгаа тогтворжуул. Улсдаа хэрэгтэй гаднын шууд хөрөнгө оруулалт, сангуудыг оруулж ирэхийн тулд олон улсын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх нь чухал. Тэгээд орж ирсэн хөрөнгийг иргэд тэгш хүртэх боломжоор ханга. Богино хугацаанд ийм л хоёр том сорилт байна.

Mongolian Economy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *