News

Check out market updates

Л.Наранбаатар: Хөрөнгө оруулалтын орчинд нааштай “уур амьсгал” бүрдсэн

naba

 – Монгол хүн ажилтай байхад алзахгүй –

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Таны харж байгаагаар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин сайжирсан уу?

-Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулиас гадна Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан. Үүний үр дүнд байдал харьцангуй дээрдсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын орчинд нааштай “уур амьсгал” бүрдсэн. Гэхдээ хууль гарснаар асуудал өргөс авсан мэт сайжрахгүй. Хүний итгэлийг, тэр тусмаа хөрөнгө оруулагчдын итгэлийг олно гэдэг олон жилийн хүч хөдөлмөр шаардсан ажил. Тиймээс хөрөнгө оруулалтын орчны талаарх уулзалт, сурталчилгааг сайтар зохион байгуулах хэрэгтэй. Түүнээс хууль баталлаа гээд хөөгөөд явуулсан хөрөнгө оруулагч юу ч болоогүй юм шиг эргээд ирэхгүй. Бидний санах ой нэг талаар дэндүү богино болжээ.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт багасч, эдийн засаг хүндэрсэн нь нэг талаар том сургамж болох шиг боллоо.

-Төр бодлогын алдаагаа засч байна. Эдийн засагт үүссэн нөхцөл байдал бидэнд алдаагаа олж харах боломжийг давхар олголоо. Монголын уул уурхайд “цаг агаар” нэн тааламжтай байсан үе бий. Энэ үед зэс болон нүүрсний үнэ ч өндөр байсан. Улсын төсөвт ихээхэн хэмжээний орлогыг тус салбар дангаар бүрдүүлж байлаа. Тэр үед харалган бодлого хэрэгжсэн. Та мэдэж байгаа байх, 2012 оны парламентийн сонгуулийн өмнө Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталж гаргасан. Үүний үр дүнг өнөөдөр нийтээрээ амсаж байна. Уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон хэрнээ хэтэрхий их шантаажилсан, шахан гадуурхах үзэгдэл ч олширсон.

-Харалган бодлогоос гадна үүнд дэлхийн зах зээл ч нөлөөлсөн байх. Хууль эрх зүйн орчинд нааштай байдал бий боллоо гэлээ. Тэгвэл одоо юуг хийвэл онох вэ?

-Гэхдээ бодлогын алдаа илүү жин дарсан. Уул уурхайн салбарын үнийн өсөлт урт хугацааны үзэгдэл биш, мөчлөгийн шинжтэй. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд энэ салбарт уналт, сэргэлт ойрхон давтагдах болсон. Эдийн засаг тэнхээтэй, эрдсийн үнэ өндөр байхад дохиолж мэдэх эрсдэлийг зарим эдийн засагчид хэлж анхааруулж байсан. Тогтворгүй салбараас хэт хамааралтай Монголын эдийн засаг цаашдаа хөрөнгө оруулалтын орчноо өрсөлдөх чадвартай болгох шаардлагатай. Түүнчлэн энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулалтын бүс нутаг болно.

-Дэлхийн уул уурхайн нөхцөл байдал ямар байна вэ?

-Дэлхий нийтээр уул уурхайн салбарын уналт явж байна. Нүүрсний хувьд уналтын хурдац нь бусад эрдсээс илүү эрчимтэй доошилсон. Ганцхан жишээ хэлэхэд үндэстэн дамнасан Пийбоди, Экстра зэрэг томоохон компанийн зах зээлийн үнэлгээ нэг жилийн дотор 15-40 хувиар унасан. Гэхдээ бид урсгал усанд далбаагүй завь шиг урсаад явж болохгүй. Сөрж зогсохын тулд завьныхаа моторыг асаах хэрэгтэй. Эдийн засгийн хямралын үед уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компаниудаа нэн түрүүнд дэмжих нь зөв. Аль ч орны эдийн засгийн зүтгүүр нь хувийн хэвшил. Тэр тусмаа мөнгө олж ирэх эдийн засгийн хөдөлгүүр салбартаа илүү итгэл үзүүлэх чухал.

-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт бусад жижиг хөрөнгө оруулалтыг түгжээд байна гэсэн таамаг яваа. Энэ хэр ортой вэ?

-Тодорхой хэмжээнд ийм таамаг бий. Гэхдээ далд уурхайд асуудлын гогцоог 100 хувь хамааруулж болохгүй. Өрөөсгөл дүгнэлт болно. Хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирсан гэдгийг эхэнд тэмдэглэсэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид хүрээд ирдэг өмнөх шигээ хуурч мэхлэх вий гэж тэд эмээгээд байна. Энэ нь итгэл алга болсныг хэлж байгаа юм. Итгэлийг сэргээхийн тулд толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг зарласан. Гэхдээ 100 хоногт эдийн засагт огцом сэргэх боломжгүй. Тиймээс хэт өндөр найдлага тавиад хэрэггүй болов уу. Харин бодлогын суурь нөхцөл зөв тавигдах юм байна гэж харж байгаа.

-Тухайлбал?

-“Урт нэртэй” хууль эдийн засгийн зөв гольдрилд орж, хэрэгжих байх гэж найдаж байна. Энэ хууль ам.доллар олж ирнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эдийн засагт ч чухал нөлөөтэй. Дараагийнх нь хайгуул болон ашиглалтын лицензээ олгож эхлэснээр хөрөнгө оруулалт татах боломжтой. Суурь бодлогын асуудлаа төр түргэсгэх учиртай.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх болов уу?

-Хэрвээ бодлогын асуудлаа төр тодорхой болгож чадвал хөрөнгө оруулагчдын итгэл тодорхой хэмжээнд сэргээж чадна. Тиймээс 100 хоног маш чухал ач холбогдолтой. Үүнийг шүүмжлэхээс илүү нийтээр дэмжих нь тустай. Үүнд ямар нэгэн улс төр, популист үзэл санаа хэрэггүй. Өнөөдөр ам.доллар 1830 төгрөгтэй тэнцсэн нь үнэндээ популизмынхаа өртгийг ам.доллараар дамжуулан төлж буй хэрэг.

-Ханшийн шалтгааныг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. Та ханшийн өсөлтийг юунаас шалтгаалсан гэж үзэж байна вэ?

-Хүмүүс өөрт байгаа дүгнэлтээр асуудалд ханддаг. Тиймээс аль болох ул суурьтай хандах хэрэгтэй. 2012 оны сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн хуулийг баталсан. Асуудал эндээс эхтэй. Уул уурхайн ашиглалтын болон хайгуулын лиценз олгохгүй зургаан жил болох гэж байна. Дээрээс нь “Урт нэртэй” хууль гаргаад хайгуулын үйл ажиллагаа зогсчихлоо. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээд өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбараа чангалсан хуулиуд баталж байсан. Харин шинэ засаг бодлогын алдаатай зүйлээ хурдан засах гэж оролдож байгааг хараад асуудлаа зөвөөр ойлгосон юм болов уу гэж итгэж байгаа.

-Ам.долларын ханшийг бууруулах хамгийн өртөг багатай гарц юу вэ?

-Валютын ханшийг бууруулах дөрвөн арга зам бий. Нэгдүгээрт экспортын орлогоо нэмэгдүүлэх, Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татах, Гуравт, зээл авна, Дөрөвт, алтны үйлдвэрлэлээ дэмжих. Гэтэл экспортын орлого үндсэндээ зэс, нүүрснээс шууд хамаарч байна. Нүүрсний гадаад зах зээл дэх эрэлт буурсан. Төсөвт суулгасан экспортын орлого нүүрснээс биелэхэд хэцүү болчихлоо. Зэсийн үнэ ч ялгаагүй уруудах шинжтэй. Тиймээс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай. Манайх зээл хангалттай авсан. Байнга зээл авна гэж байхгүй. Зээл хэрэгтэй. Гэхдээ зээлээс илүү иргэдээс өртөг шаардахгүй орж ирэх мөнгө хөрөнгө оруулалт. Энэ нь эдийн засагт ажлын байр бий болгодог. Гол нь манайх хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулж, Ашигт малтмалын тухай хуулийг хурдан хэлэлцэж, нэг талдаа гармаар байна.

-Дэлхийн эрдсийн зах зээлийн төлөв байдал ямар байна вэ. Ойрын хугацаанд зэс болон нүүрсний үнэ эргээд сэргэх, тогтворжих хандлага байна уу?

-Гэгээтэй ирээдүй харагдахгүй байна. Ялангуяа зэс, нүүрний хувьд. Зэсийн томоохон уурхайнууд ашиглалтад орсон, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад зэсийн хэрэглээ ч хумигдсан. Тиймээс ойрын хоёр жилд зэсийн нийлүүлэлт эрэлтээ давах таамаг байгаа тул үнэ төдийлэн сэргэхгүй болов уу. Эндээс үзэхэд манай эдийн засгийг аваад явчих хэмжээнд зэсийн үнэ өсөхгүй нь тодорхой байна. Нүүрсний хувьд ч мөн адил зах зээл нэлээн бүрхэг байгаа. Манай урд хөрш хөгжлийн стратегиа өөр чигт хандуулсан. Тэд аль болох нүүрс хэрэглэхээс татгалзаж, ногоон эдийн засагт хөрөнгө оруулалт хийж байна. Нар, салхи, уснаас эрчим хүч гарган авч ашиглах, байгаль орчинд илүү ээлтэй технологи нэвтрүүлэхээр энэ чиглэлд багагүй хөрөнгө оруулалт хийгээд эхэллээ. Бид ихээхэн нүүрсний нөөцтэй гэж ярьж байгаа ч тун удахгүй шинэ технологи нэвтрээд ирэхээр нүүрс шороо болох магадлал өндөр. Тиймээс үнэтэй байгаа үед арилжаалбал хожно.

-Валютын ханшаас үүдэн хувийн хэвшлийнхэн хүнд байдалд ороод байгаа. Тэдэнд төрийн зүгээс ямар дэмжлэг үгүйлэгдэж байна вэ?

-Компаниуд орлогогүй учраас татвараа төлж чадахгүй хүнд байдалд орсон. Тиймээс төр компани, аж ахуйн нэгжүүдээ татвар төлөх чадамжтай болгох талаас нь бодлого чиглүүлэх оновчтой. Дахиад хэлэхэд “Урт нэртэй” хуулиа эргэж харах хэрэгтэй. Энэ хуулийн цоорхойгоор алтны үйлдвэрлэл улам далд байдалд шилжиж байна. Хайгуулын лицензээ ч чөлөөлж байж ам.доллартай болж ханшийн дарамтаа сулруулж чадна. Хөрөнгө оруулалтын урт хугацааны таатай орчинг бодлогын түвшинд шийдсэн учраас боломжийн хэмжээнд сайжраад цааш явах байх. Үүнээс гадна томоохон хөгжлийн төслүүдээ төр хүчээр явуулах хэрэгтэй.

-Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилт хойшилсоор. Үүнд ямар шалтгаан байна вэ?

-Зэсийн нийлүүлэлт эрэлтээ давсан. Оюутолгой ашиглалтад орсноор зэсийн үнэ буурахад ч нөлөөлсөн. Энэ тохиолдолд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх тусам зэсийн үнэ унана гэсэн үг. Асар их хэмжээний зэсийн баялгаа хямд зарах уу, боломжийн хэмжээнд өндөр үнэтэй арилжаалах уу гэдэг чинь хөрөнгө оруулагчдын хувьд сонголтын асуудал. Энэ нь Засгийн газраас шахаж шаардсанаар хийдэг ч асуудал биш. Гэхдээ Засгийн газрын зүгээс том төслөө дэмжиж байгаагаа олон улсын түвшинд илэрхийлж зарласан нь хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгч, том итгэл төрүүлж байна. Далд уурхайг хэрхэн ашиглах эсэхээ хөрөнгө оруулагч л шийднэ. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдал ийм таагүй байгаа үед ямар ч хөрөнгө оруулагч яаран хөрөнгө оруулалт хийхгүй. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагаатай холбохоос илүү зах зээл өөрөө удирдаж байна гэж харах хэрэгтэй.

-Бид нэмүү өртөг шингээдэгүй, импортын хэрэглээтэй. Уул уурхайд хэт найдсан, өрсөлдөх чадвар сул. Дэд бүтцийн хөгжил тааруу байгаа цагт байнга ханшийн дарамтад, тэр тусмаа үнийн нөлөөнд автах болно гэж зарим эдийн засагч үздэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Таны хэлж байгаа үнэн. Бид нэг талаас хариуцлагагүй байгаа. Түүнчлэн өөрсдөө үйлдвэрлэгч болж чадахгүй байгаагаас хэрэглээний эдийн засагтай болсон. Хэрэглээний эдийн засагтай учраас валютын ханшийн өсөлтийг хамгийн их мэдэрдэг ард түмэн. Энэ хамаарал улам нэмэгдэж байна. Тиймээс бид бүтээгч улс болох ёстой. Засгийн газар зүгээр ч нэг импортыг орлож, экспортыг дэмжье гэж хэлээгүй байх. Гол нь үүнийг бүх нийтээр ойлгож, дэмжсэн үед бодлого урагшаа явна. Алхам алхмаар бүтээгч улс болох зам руу орно. Уул уурхайгаа ухаад өөр боломжийг олж харахгүй байна гэдэг үндэслэлтэй шүүмжлэл. Нөгөө талаас тэгвэл аль салбар юм бэ гэсэн асуулт гарч ирж байна.

-Хөдөө аж ахуй байж мэдэх юм. Гэхдээ одоогийн нөхцөлд хөгжлийг санхүүжүүлэх чадамжтай нь уул уурхай байх.

-Аль салбар манай эдийн засгийг тэлэх суурь салбар юм бэ. Дэс дарааллыг авч үзэх гээд байгаа юм. Жишээ нь, Австралид номер нэг салбар хөдөө аж ахуй. Дараа нь уул уурхай. Тэдний уул уурхай зогссон ч хөдөө аж ахуйгаар амьдраад байна. Харин Монголд хөдөө аж ахуйн салбар уналтад орсон үед түүнийг уул уурхайгаар ажралгүй туулаад гарсан. Тээвэр, мэдээллийн салбар хүнд байдалд орсны улмаас Монголын эдийн засаг хүндэрч байсныг мэдэхгүй. Харин уул уурхайн салбар зогсонги байдалд ороод ирэхээр дагаад эдийн засаг унаж байна. Энэ нь хэтэрхий нэг салбараас хамааралтай байгаагийн шинж байх. Тиймээс уул уурхайн салбартаа түшиглэж бусад салбараа төрөлжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй. Уул уурхайн хөгжиж байж тэнд ажиллаж байгаа хүмүүс халаасандаа мөнгөтэй болно. Зах зээл тэлнэ. Тиймээс үндсэн суурь салбар уул уурхай болж байна. Богино хугацаанд эдийн засаг сэргэнэ гэдэг хэцүү. Гэхдээ амьдрал сайхан болно гэдэгт итгэж байна. Монгол хүн ажилтай байхад алзахгүй.

Б.Баяртогтох

Mongolian Economy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *