Хувийн хэвшлийнхнийг чөмөгжүүлэх шаардлагатай
-Ерөнхийлөгч төр үйлчилгээ үзүүлэгч гэдгийг ахин санууллаа-
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014”-т оролцон, үг хэлсэн юм. Тэрээр хувийн хэвшлийнхнийг чээжээрээ хамгаалах амлалт өглөө.
Ерөнхийлөгч хувийн хэвшлийнхнийг хүүхэдтэй зүйрлэн, манай бизнесийнхэн өнгөрсөн хугацаанд өнчин хүүхэд шиг явж ирлээ. Бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ эхлээд биеийг нь даалгаад дараа нь тусыг нь хүртдэг уламжлалтай ард түмэн. Гэтэл Монголын төр өнгөрсөн 20 жилд хувийн хэвшлийнхнээ бойжуулж чадсангүй. Улс төрчид сонгуулиар ирээд л амлалтаа мартаад, алга болдог. Улс төрчдийн эрх мэдэлд шунадаг увайгүй үйлдлийг таслан зогсооно гэсэн юм.
АШИГ БОЛ ДЭВШИЛ ГЭСЭН ҮГ
Хувийн хэвшлээ дэмжих үндэс нь тэд бага зардлаар өндөр бүтээмжтэй ажилладагт оршино гэж төрийн тэргүүн үзэж байна. Тэд ашгийн төлөө ажилладаг. Ашиг бол дэвшил гэсэн үг. Бид бизнес эрхлэгчдийн бүтээлч сэтгэлгээ, боломжийг ашиглах гэж л ардчилсан замнал сонгосон гэв.
Мөн хувийн хэвшлийнхэн хэмнэлттэй, хариуцлагатай, хяналттай ажилладаг хэмээн тодотгов. Харин энэ бүхэн төрд байхгүй гээд “Ухаалаг төр гэдэг бол байрандаа байдаг л төр” гэсэн юм.
Ерөнхийлөгч эдийн засгийн хямралаас хувийн хэвшлийнхний тусламжтай гарна гэж үзэж байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татсан, хэдэн хүнийг ажлын байраар хангаснаар нь буюу хувийн хэвшлийг хэр дэмжсэнээр нь дүгнэнэ гэдгээ хэллээ.
Саяхан Цагаан суваргын ордыг төр эргүүлэн авахаар оролдсон ч УИХ дээр унасан. Харин Ерөнхийлөгч үүний эсрэг байр суурьтай байна. Цаашид төр томоохон төслүүдэд оролцох бол эхлээд мөнгөө төл гэдэг зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл төр зээл авч, хувь эзэмшихгүй гэсэн үг юм. Мөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санаачлагыг төр биш хувийн хэвшлийнхэн гаргах нь зүйтэй, төр биш бизнесийнхэн биднээс “Та нар мөнгөө оруулах уу” гэж асуумаар байна гэсэн юм.