Ажил хэрэгч “Mongolia Business Summit-2014”
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ч илүү бидэнд чухал байж мэдэх нэг арга хэмжээ энэ сарын 19-21-нд Монголд болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид “Их тэнгэр”-т чууллаа. Төрийн гурван өндөрлөг айлсан амьдрах аглаг цогцолборт тэр бүр уулзалт, зөвлөлгөөн болоод байдаггүй. Харин энэ удаад хатуу чанга хамгаалалттай “Их тэнгэр” хөрөнгө оруулагчдын хөлд дарагдсан юм. Энэ бол “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт”.
Анх удаа хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад 400 гаруй зочид саатаж, бизнесийн орчны шинэчлэл болоод түүний эрс өөрчлөлттэй танилцлаа. Үүнээс гадна хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгаа томоохон төслүүдийн явцын талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын хөгжлийн талаарх зураглалаа баяжууллаа.
“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ын талаар оролцогчид ингэж хэллээ.
“Томоохон төслүүдээ дэмжих хэрэгтэй”
Ж.Оджаргал / “МСS” группын ерөнхийлөгч/
-Зөвхөн биднээс хамаарахгүй эрсдэл цөөнгүй байна. Тухайлбал, дэлхийн уул уурхайн эрдэс түүхий эдийн уналт үнэ хэр удаан үргэлжлэх, түүн дотроо коксжих нүүрсний үнэ хэзээ сэргэх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Нөхцөл байдал бүрхэг байгаа үед эрсдэлээ тооцож, гаргаж буй хувилбар тодорхой байх хэрэгтэй. Тиймээс сүүлийн жилүүдэд идэвхтэй ярьж, хэлэлцэж буй, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр болохуйц томоохон төслүүдээ бодит хөрөнгө оруулалтаар хангах чиглэлд дорвитой ажиллах хэрэгтэй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хөрөнгө оруулалтад ээлтэй зөв суурь хөрс бүрдэх болов уу гэж найдаж байгаа.
“Бизнес эрхлэгчид хоорондоо нягтарч, хамтарч ажиллах цаг болжээ”
Ц.Түмэнцогт /“СЕО” клубын ерөнхийлөгч/
-Уулзалт илүү бүтээлч, ажил хэрэгч шинэлэг арга хэмжээ болж чадлаа. Хувийн хэвшилдээ түшиглэн хөгжих, бизнесийн талбар дахь төрийн оролцоог багасгах, энэ чиглэлд зарчмын өөрчлөлт хийж, хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлага байгааг Ерөнхийлөгч хэллээ. Мөн төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, бизнесийн моргейжийг нэвтрүүлэх олон санаа, шийдлийг Ерөнхийлөгч дэвшүүлсэн. Уг чухал санааг ажил хэрэг болгох үүрэг төр, хувийн хэвшлийн өмнө оногдож байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хоорондоо нягтарч, хамтарч ажиллах цаг болсныг энэ удаагийн уулзалт харууллаа.
“Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна”
С.Жавхланбаатар /Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга/
-Хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Гэхдээ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөрөнгө оруулагчдын Монгол орныг сонирхох хандлага эрс нэмэгдсэн. Зөвхөн манай агентлагтай холбоо тогтоож, тодорхой асуудлаар хандаж байгаа хөрөнгө оруулагчдын тоо 400 давсан. Он гарсаар долоо хоногт 1-2 удаа бизнесийн хэлэлцээр, уулзалт, форум болж идэвхжиж байна. Үүнээс харахад манай улс хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна гэж ойлгож болохоор.
Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль, зах зээлийн илүү нээлттэй байдал ч үүнд нөлөөлсөн байх. Хөрөнгө оруулагчдад тодорхой хугацаа шаардлагатай. Их мөнгийг том хэмжээгээр оруулж ирэхэд томоохон төслүүдийн гүйцэтгэх үүрэг маш чухал. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Монголд ирж байгаа хөрөнгө оруулагчдын бүтэц өөрчлөгдөж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн уул уурхайн бизнес эрхлэгчид илүүтэй ирдэг байсан. Тэгвэл энэ удаагийн уулзалтаас харж байхад хөрөнгө оруулагчид илүү төрөлжиж байна.
“Зөв уулзалт зөв цагтаа боллоо”
Б.Батсайхан /Монголын хөрөнгө оруулалтын сангийн захирал/
-Хувийн хэвшил санаачлан зохион байгуулж буй уулзалтыг төр дэмжиж байгаа нь шинэ соёл. Эдийн засгийн зарим үзүүлэлт хүндэрсэн, гадаадын хөрөнгө оруулалт шаадлагатай байгаа өнөө үед “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” болж таарлаа. Зөв уулзалт зөв цагтаа болж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг сонирхож байсан үе бий. Манай улсын хувьд гаргасан алдаагаа засч, нээлттэй байдлаар боломжоо ярьж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олох нэг чухал алхам боллоо. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байж дараагийн ээлжинд мөнгө орж ирнэ. Эхний алхмаа манайх зөв хийлээ.
“Уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулах сонирхол давамгайлж байна”
Б.Цогтгэрэл /Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд/
-Хөрөнгө оруулагчдын уулзалт болж байгаа их чухал. Бидэнд уул уурхайн тогтвортой, тууштай бодлого, хариуцлагатай мэдлэг хэрэгтэй байгаа. Сүүлийн үед нэг үзүүлэлт нэлээн анхаарал татах болсон. Энэ нь хөрөнгө оруулалтын хуваарилалт. Уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулах сонирхол давамгайлж байна. Өмнө нь хөрөнгө оруулагчдын уулзалтад оролцогчдын дийлэх нь уул уурхайн салбарынхан байдаг байсан. Энэ удаад эсрэгээрээ байна. Монголд уул уурхайгаас гадна брэнд гаргах хамгийн боломжит хувилбар нь мал аж ахуйн салбар гэдгийг онцолж хэлье.
“Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төр хамгаалдаг байх хэрэгтэй”
Ш.Баярсайхан /“Номин холдинг” компанийн ерөнхийлөгч/
-Хувийн хэвшил сэтгэл ханамжтай үйл ажиллагаа явуулах таатай орчин Монголд хараахан алга байгааг зарим олон улсын байгууллагын судалгаанаас харж болно. Энэ нь бизнесийн тэгш бус, шударга орчин байхгүйтэй холбоотой болов уу. Эдийн засгийн нөхцөл хүндэрсэн, гадаадын хөрөнгө оруулалт гараад явчихсан үед татварын орчин зөв шударга байх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн 98 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас бултаж, хоёр хувь нь төлж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаа төр хамгаалдаг байх хэрэгтэй.
“Монголын эдийн засаг арав дахин өсөх боломжтой”
П.Цагаан /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/
-Монгол Улсын ДНБ-ий хэмжээ сүүлийн хоёр жилийн дотор арав дахин өссөн. Нэг тэрбумаас арван тэрбум ам.доллар болтлоо тэлсэн. Дэлхийд ийм хурдан өсөлттэй улс байхгүй. Ирэх 20 жилд эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөөд явбал арван тэрбумын эдийн засгаас 100 тэрбумын эдийн засагт шилжих боломж байгаа.
“Хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаж болохгүй”
Н.Алгаа /Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч/
-Экспортын орлогын 80, ДНБ-ий 20-30, улсын төсвийн орлогын 40 хувийг дангаараа уул уурхайн салбар бүрдүүлж ирсэн. Дэд бүтэц уул уурхайг дагаж хөгжиж байна. Ханган нийлүүлэлтийн бизнес ч мөн адил. Гэтэл энэ салбарт орж ирдэг байсан хөрөнгө оруулалт үлэмж буурсан. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт хүндрэл гарч эхэлсэн.
Хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах хэцүү. Олж авахад бүр ч хэцүү. Харин алдах амархан. Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт хөрөнгө оруулагчдад бага ч гэсэн итгэл найдвар төрүүлж, Монголын талаар олон улсад том мессеж болж байгаад олзуурхаж байна. Хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын гэж ялгаж болохгүй. Гол нь бизнесийн орчин тогтвортой, найдвартай байх ёстой.
Б.Баяртогтох
Mongolian Economy