News

Check out market updates

Нийслэл бонд гаргах төслийг НИТХ дэмжлээ

Ulaanbaatar_(2)

Нийслэл бонд гаргаж байсан түүх манай улсад байхгүй. Гэхдээ бонд гаргах журмыг гурван удаа боловсруулж байжээ. Улаанбаатар хот бонд гаргах тухай журам 2002, 2003 онд боловсруулж байсныг Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас шинэчлэн боловсруулж тогтоолын төслийг өнөөдөр НИТХ-аар баталлаа.

Хуульд зааснаар төсвийн 15 хувиас хэтрэхгүй хэсгийг бонд болгох боломжтой. Урьдчилсан тооцоогоор 300 гаруй тэрбум төгрөгийн бонд арилжаалах гэнэ.
Нийслэл бонд гаргаснаар Улаанбаатар хотын эдийн засагт ихээхэн нэмэр болно гэж албаныхан үзэж байна. Бондын мөнгийг хөгжлийн төслүүд гэгдэх эргэн төлөгдөх боломж өндөртэй төслүүдэд зарцуулах гэнэ. Үүнд, Эмээлт хотхоныг байгуулах, Налайх, Багануурын аж үйлдвэрийн паркыг байгуулах гэх мэт томоохон хот байгуулалт дэд бүтэц, хуучин орон сууцнуудын шинэчлэл зэрэг төслүүдийг боловсруулаад байгаа аж.

Монгол Улсын эдийн засгийн байдлаас шалтгаалаад ирэх оны эхээр бонд  гаргах боломж бүрдэнэ гэж  төлөвлөж байгаа аж. Одоогоор “Чингис” бондын зарцуулалтад  судалгаа хийн аль болох үр дүнтэй төсөлд хөрөнгө оруулан хурдан хугацаанд эргэн төлөх боломжийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байгаа гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.
Нийслэл бонд гаргах журмыг боловсруулахад Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны зөвлөмжийг авсан төдийгүй Дэлхийн банкны зүгээс төслийн багийнхантай хамтран ажиллаж олон улсын туршлага судалсан аж.
Засгийн газраас гаргаад буй “Чингис”, “Самурай” бонд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ онд мөнгөний нийлүүлэлтийн хөтөлбөрийн хүрээнд зээлийн хэмжээг эрчимтэй нэмэгдүүлсэн нь өрийн дээд хязгаарт хүрсэн. Энэ байдал нь Улаанбаатар хотын цаашид зээл авах боломжийг хязгаарлаж байна гэж Дэхийн банк үзэж байгаа аж. Олон улсын туршлагаас харахад зээл үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд орон нутгийн зээл болон өр төлбөрийн үүрэг нь Засгийн газраас тусдаа буюу бие даасан байх боломж бий. Учир нь орон нутгийн захиргаа өөрийн шийдвэрээр зээл авч, түүнийгээ  орлогынхоо их үүсвэрээс төлдөг.
Санхүүжилтийн хэрэгцээг хангахын тулд хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгохоор төлөвлөх. Үүний тулд хот өөрийн зээлжих зэрэглэлийг тогтоолгох хэрэгтэй. Мөн зээлийн бодит хэрэглээгээ үнэлэх, шингээх мөн зээл авах чадвараа тодорхойлох, цаашдын өрийн удирдлагын ил тод, хариуцлагатай шинэ тогтолцоог бүрдүүлэн ажиллах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг Дэлхийн банкнаас зөвлөжээ.
А.Бүрэнжаргал
Mongolian Economy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *