Монгол Улс ОУ-ын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хяналтаас гарлаа
Өнгөрсөн зургадугаар сарын 23-27-ний өдрүүдэд Францын Парис хотод болсон Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/ хуралдсан. Энэ үеэр Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн алдаа дутагдалаа зассаныг тэмдэглэж, байгууллагынхаа хяналтаас гаргах тухай шийдвэрийг албан ёсоор гаргажээ.
FATF-ийн хяналтад манай улс 2011 оноос хойш орсон бөгөөд дэлхийн бүх банк санхүүгийн болон хил гаалийн байгууллагууд дээрх хяналтад байгаа улсуудтай холбоотой ажилладаг аж.
Монгол Улс уг хяналтаас гарч байгаа тухай мэдээлэл нь манай улсын нэр хүндийг өргөөд зогсохгүй олон улстай харилцах цаашдын эдийн засаг бизнесийн харилцаа болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлаар ямар нэгэн доголдол, алдаа дутагдал бүхий асуудал үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Манай улстай хамт Киргизстан, Балба, Танзани, Кени гэсэн орнууд мөн жагсаалтаас гарч байгаа юм байна.
FATF-тай төстэй Ази, Номхон далайн бүс нутгийн байгууллага болох Мөнгө угаахын эсрэг идэвхитэй оролцогч APG -ийн гишүүний хувиар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо бүрдүүлж байгаа гэсэн үг аж. Мөн тус хурлын үеэр цаашид улс төрийн хүсэл эрмэлзлэлээ хэвээр үргэлжлүүлэхийг олон улсын байгууллагууд манай улсаас хүсч хүлээж байгааг цохон тэмдэглэсэн байна.
А.Буянзаяа
Mongolian Economy