“Moody’s” агентлаг Монголыг үнэлсэн үнэлгээ
Олон улсын үнэлгээний гурван том агентлагийн нэг Мүүдис “Moody’s” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В1-ээс В2 болгож буурууллаа. Гэсэн ч хөрөнгө оруулах эрсдэл багатай орнуудын ангилалд хэвээр үлджээ. Харин урт хугацаанд “сөрөг” гэсэн төлвийг хэвээр нь хадгалсан байна.
Мүүдис агентлагаас Монголын гадаад хөрвөх чадвар муудсан, гадаад валютын албан нөөц буурсан зэрэг нь бондын үнэлгээг бууруулах үндэслэл болсон гэж үзлээ. Мөн Хөгжлийн банкны бондыг В1-ээс В2 болгон бууруулсан байна. Мөнгө ба сангийн тэлэх бодлого нь эрэлтийн дарамтыг үүсгэж, инфляцийг өдөөн, дам нөлөө нь банкны сектор, төлбөрийн тэнцэлд нөлөөлсөн гэж агентлагаас мэдээллээ.
Монголын нийт гадаад валютын албан нөөц хагас жилийн хугацаанд 2.2 тэрбум ам.доллараас 1.6 тэрбум ам.долларт хүрч буурсан байна. Үүнд гаднын шууд хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр өнгөрсөн жил буурсан нь нөлөөлсөн. Хөрөнгө оруулалтын орчин тодорхойгүй байсаар байгаа нь уул уурхайн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж болохыг тус ашентлагийн мэргэжилтнүүд хэлж байна.
Мөн албан нөөц буурахын хэрээр гаднаас ирж буй өрийн дарамт нэмэгдсээр байна. Мүүдис агентлагийн гадаад эмзэг байдлын үзүүлэлт /ирэх нэг жилийн хугацаанд тухайн улсын гадаад өрөө төлөх нөөцийн хүрэлцээтэй байдлыг хэмждэг хэмжүүр/ 2014 онд 130 хувь болж өссөн бол 2015 онд 196 хувь болж өсөхөөр байна. Энэ үзүүлэлт 100 хувиас дээш гарах нь гадаад зээлдэгчдээс хүчтэй хамааралтай гэсэн үг аж.
Mongolian Economy